Сэргэлэн сумын ИТХ

Сэргэлэн сумын ИТХ

Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны сайт Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын албан ёсны сайт

Сэргэлэн сумын танилцуулга

2015-05-27




Дорнод аймгийн Сэргэлэн сум нь БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 7 дугаар зарлигаар Хөгнө, Хэрлэнбаян хоёр сум нэгдэн байгуулагджээ.

Тус сум нь Сэргэлэн хараат уулын энгэрт, Галын голын хойд дэнж, Эрдэнэ овооны урд бэлд төвлөрч, хоёр сумын нэгдлүүдийг нэгтгэн “Дөчин жил” хэмээн нэрлэсэн нь, Ардын Хувьсгалын 40 жилийн  ойтой давхцсан учир тэрхүү түүхт ойг бэлэгдсэн утгыг агуулсан байна.

Өдгөө Сэргэлэн суманд халх, үзэмчин, буриад, дөрвөд ястанаас бүрдсэн 2500 орчим хүн ам, засаг, захиргааны 5 багт амьдран сууж, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа хөдөлмөрлөж байна.

Сумын төв Сэргэлэн хараат нь Чойбалсан хотоос 65 км алслагдсан, баруун талаараа Цагаан-Овоо сум, хойд талаараа Баяндун, Дашбалбар сум, зүүн талаараа Гурванзагал, Чойбалсан сум, урд талаараа Баянтүмэн сумдтай хиллэдэг,

Сумын нийт нутаг дэвсгэр 416929 га, үүнээс 265499 га нь бэлчээрийн газар, 44100 га нь хадлангийн талбай, 6.5 га нь тариаланд тохиромжтой газар юм.

Газар нутгийн хамгийн өндөр уул нь “Хөгнийн даваа” далайн түвшингээс дээш 1132 м өндөрт өргөгдсөн, эх газрын эрс тэс уур амьсгалтай.

1 дүгээр сарын дундаж температур -220С, 7 дугаар сард +210С, жилд дунджаар 250 мм хур тунадас унадаг. “Галын гол” нь нутгийн дундуур урсдаг. Яхь, Улаан, Цагаан нуур, их, бага Зос зүүн, баруун, дунд Баян зэрэг олон арван нуур, цөөрөм, тойромтой.

Мөн Энгэрийн 13 булаг, голын дагуу Тугал булаг, Сүмийн булаг, Хуурай амны булаг гэсэн 3 булаг болон, Адаг бүрд, эхэн бүрд зэрэг булаг шандууд олон. Нам уулс, гүвээ, толгодоор нимгэн карбонатлаг хар хүрэн, тал хөндийгөөр нугын мараалаг хөрстэй.

Нутгийн хойд хэсгээр алаг өвс, хялгана, зүр өвс, үетэн, хиаг, бусад нутгаар жижиг бутлаг үетэн, хиаг, хялгана, харгана голлосон хээрийн ургамалтай.

Цагаан зээр, үнэг, чоно, хярс, мануул гэх мэт ан амьтантай. Хээрийн ба усны шувууд элбэгтэй.

Сэргэлэн хараат, Лүнгэрийн овоо, Алтан овоо, Довдой, Эрдэнэ овоо, Бэрхийн цагаан овоо, Баян уул зэрэг тахилгатай уул овоо олон байдаг.

Орон нутгийн төрийн захиргааны байгууллага болох ИТХ, ЗДТГ, ЕБС, Хүүхдийн Цэцэрлэг, Хүн эмнэлэг, Соёлын төв, Цагдаагийн хэсэг зэрэг төсөвт байгууллагууд, ХААН банк, Хадгаламж банк, Цахилгаан Холбоо ХК, Скайтель ХК, Монгол шуудан ХК, ДБЭХ ХХК-иудын салбарууд, Агропарк төрийн өмчит газар, хувийн мал эмнэлэг 4, худалдаа үйлчилгээний 7 аж ахуйн нэгж, малчдын бүлэг, нөхөрлөл 7, талх, нарийн боов, гутал засвар, үсчин- гоо сайхан, халуун ус-саун, зочид буудал, жижиг хэвлэл, оёдлын газрууд болон сумын Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Залуучуудын холбоо зэрэг  төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%